Scroll to top

News

НОМ УНШИХ ЗӨВЛӨМЖ

НОМ УНШИХ ЗӨВЛӨМЖ

Нэг ижил номыг уншсан ч уншигчид түүний утга агуулгыг өөрсдийн нас, оюуны хөгжлийн түвшин, хувь хүний онцлог зэргээсээ хамааран харилцан адилгүй ойлгож авдаг. Иймээс сурагч та нар өөрт тохирсон ном зохиолыг сонгож унших ёстой. Өөрт тохироогүй ном унших нь оюуныг ядраах, буруу зүйлд уруу татах зэрэг сөрөг муу талуудтай .Бас ном унших буруу хэвшлүүд гэж бий. Энэ нь өөрт таалагдсан номыг амралт, завсарлагаагүйгээр удаан хугацаагаар шунан унших, гарт тааралдсан ямар ч хамаагүй ном унших, хэвтэж унших, гэрэл муутай орчинд унших зэрэг үйл ажиллагаа юм.

Эдгээрээс шалтгаалж хүний оюун тархи ядран, хараа муудаж, элдэв өвчин эмгэгтэй болно. Мөн учир утгагүй олон ном унших нь хоосон номчирхогч, цэгцгүй мэдлэгтнийг бий болгодог. Ямар ч зорилгогүйгээр их уншиж байвал болох юм шиг бүү бодоорой. Өөрийн харааг эмчид үзүүлж, хараа муутай бол тохирох шил зүүхгүйгээр ном уншихыг хатуу цээрлэх ёстой.

Суралцагч та нар аливаа номыг уншихдаа 30 минут уншаад 2-5 минут амарч хэвших хэрэгтэй. Амрах үедээ анхаарлаа өөр зүйлд хандуулж, салхинд гарч, гар нүүрээ хүйтэн усаар угааж, биеийнхээ чилээг гаргах дасгал хийж болно. Нүд, толгойдоо хөнгөн иллэг хийх хэрэгтэй. Ном уншихад уншлагын орчин их чухал. Гэрэл муутай орчин сонговол хараа муудна. Чимээ шуугиантай орчинд бол анхаарал сарниад уншлага үр дүнгүй болно.

 Уншихад хамгийн тохиромжтой гэрэлтүүлэг болох байгалийн гэрлийг аль болох их ашиглах хэрэгтэй.

25 ваттын ширээний чийдэн сонгож ашиглаарай.

Гэрлийн өнцөг нь уншиж буй хуудсан дээр сүүдэр тусахгүй байхаар, нүдэнд шууд тусахгүй байх хэрэгтэй.

Дуу чимээ багатай цагаар унших, эсвэл анхаарал төвлөрүүлдэг тусгай аянуудыг чихэвчээр сонсож уншлагаа үргэлжлүүлэх хэрэгтэй

Уншиж буй зүйл болон нүдний хоорондох зай 35 см байх хэрэгтэй

Гэрэл таны нүд рүү биш уншиж буй зүйлд чинь тусаж байх ёстой

 Унших үйлдлийг хийх ёстой ажил хэмээн хүлээн авч үнэнчээр хийж хэвш

Хэвтэлгүй унш

Ядарч чилсэн нүдээ үе үе амрааж бай

Унших цаг үе амьдралын тань хамгийн үнэтэй мөч байх ёстой. Ном унших нь таны цагийг хий хоосон өнгөрөөх бус харин амьдралд тань утга учир нэмж буй хором юм.

Идэвхгүй уншигч бүү болоорой. Уншсан зүйлээ тоймлож тэмдэглэл хөтөл. Утгыг нь мэдэхгүй үгсийг тэмдэглэн утгыг нь мэдэж аваарай.

Уншлагын хооронд өөрт өгсөн богино завсарлагын үед уншсан сэдвээ тоймлож бод. Энэ нь таны уншсан сэдвийнхээ талаар илүү сайн ойлголттой болгох, мөн эргэцүүлж бодох чадварыг тань нэмэгдүүлнэ.

Уншихаасаа өмнө байнга зорилгоо тодорхойлж бай. Унших зүйлээ эхнээс нь нэг гүйлгэж хар. Зохиогчийн зорьсон санааг ойлгох гэж оролд.

Хурдан уншлага нь хамгийн сайн мэдээлэл олж авах арга барил гэдгийг бүү мартаарай. Харин та унших сэдвээсээ шалтгаалан уншлагын хурдаа тохируулаарай.