Scroll to top
Scroll to top
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин хөгжмийн зохиолч, нэрт хормейстер Д.Лувсаншаравын нэрэмжит "Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг" шалгаруулах 31 дэх удаагийн уралдаант наадмын II шатны шалгаруулалт Монголын Хүүхдийн ордонд амжилттай зохион байгуулагдлаа.
Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах наадам нь ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулж, өсвөр үеийнхэнд урлаг, уран сайхны боловсрол олгох, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийн авьяас, чадварыг хөгжүүлэх зорилготой юм.
Хоёр үе шаттай зохион байгуулагддаг тус наадмын I шатанд нийслэлийн 7 дүүргийн 59 төрийн, орон нутгийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн 2531 суралцагч оролцож авьяас билиг, багийн ажиллагаа, дуулах чадвараа сорьсон бол II шатанд нийслэлийн 19 сургуулийн найрал дууны хамтлагийн 767 суралцагч заавал дуулах болон өөрсдийн уран бүтээлээ дууллаа.
Тус уралдааны ерөнхий шүүгчээр Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Урлаг судлаач, Монгол улсын консерваторын хүндэт профессор, хормейстер Ч.Буянхишиг, шүүгчээр Улсын дуурь бүжгийн Эрдмийн театрын Ерөнхий хормейстер, Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Дашбямба, СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн багш, хүндэт профессор, хормейстер Д.Оюунхишиг, Монголын Найрал дууны уран бүтээлчдийн холбооны ерөнхийлөгч, хормейстер О.Эрдэнэцог, Монголын Найрал дууны уран бүтээлчдийн холбооны Дэд ерөнхийлөгч, Монгол улсын консерваторын багш, хормейстер Л.Баярмаа, Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын Ерөнхий хормейстер, МНДУБХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, дэд хурандаа А.Ариунзаяа, мэргэжлийн хормейстерууд, нийслэлийн Соёл урлагийн газрын Соёл, соёлын өвийн хэлтсийн дарга, хөгжмийн зохиолч Г.Жанцансамбуу нар шүүж ажиллалаа.
Тэргүүн байр: Монгол-Оросын хамтарсан сургууль
Дэд байр: Монгол дахь Канад сургууль
Гутгаар байр: Нийслэлийн ерөнхий боловсролын Хөгжил сургууль
Тусгай байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 65 дугаар сургууль
Тусгай байр: Нийслэлийн ерөнхий боловсролын Монгени сургууль
Д.Лувсаншаравын нэрэмжит шагналаар: нийслэлийн ерөнхий боловсролын Шинэ эрин сургууль,
Монголын Найрал дууны уран бүтээлчдийн холбооны нэрэмжит шагналаар: нийслэлийн ерөнхий боловсролын 115 дугаар сургууль
“Шилдэг удирдаач багш” номинаци Монгол-Оросын хамтарсан сургуулийн хөгжмийн багш Филиппова Кристина Витальевна
“Шилдэг удирдлага” номинаци нийслэлийн ерөнхий боловсролын Логарифм сургууль тус тус шалгарсан байна.
2026 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Соёлын төв өргөөнд Гала тоглолтоо толилуулж, шагналаа гардаж авах юм. Тус тоглолтод II шатанд оролцсон сургуулийн авьяаслаг багш, суралцагчид оролцоно.


