Scroll to top

Мэндчилгээ

МЭНДЧИЛГЭЭ

Эх орны ирээдүйг бүтээгч, эрхэм хүмүүн багш нартаа, ээж аавын энхрий үр, эх орны минь маргаашийн эзэн хүүхэд багачууд та бүхэндээ 2024-2025 оны хичээлийн жилийн нээлтийн баярын мэндийг хүргэе.

Өвөг дээдэс маань хүмүүний түүхийг морин туурайгаар тамгалж дэлхийн талыг эрхшээхдээ дан ганц эр зориг зэвсгийн хүчээр бус, суу заль оюун билгээрээ гайхуулж явсан түүхтэй. “Баян хүн болоорой” гэдэггүй “Эрдэмтэй хүн болоорой” гэдэг, “Дээд баян эрдэм ном” хэмээн эрхэмлэн сургаж ирсэн оюун билэгт өвөг дээдсийн үргэлжлэл, залгамж хойч нь та бид билээ. Боловсрол гэдэг бол хүмүүн болж боловсрох үйл явц мөн. Боловсорч хүмүүн болохын тулгуур хоёр баганын нэг нь эрдэм мэдлэг гэвэл нөгөө нь хүмүүжил юм. Эрдэм мэдлэг, хүмүүжил хоёрыг зэрэг хослуулж гэмээнэ боловсролыг эзэмшиж, даяарчлалын эрин үед эх орноо хөгжүүлэх жинхэнэ монгол хүн болж төлөвшинө. Дэлхий хэмээх цэнхэр гариг улам бүр “агшин хумигдаж” бие биенээсээ хамаарахгүй байхын аргагүй нэгэн цогц болж буй өнөө үед улс үндэстэн өөрийн онцлогоо хадгалж үлдэх хамгийн гол арга зам бол үндэсний хэл соёл юм. Ялангуяа манай улс шиг цөөн хүн амтай жижиг орны хувьд бүр их ач холбогдолтой билээ. Тиймээс ч манай боловсрол үндэсний онцлогтой атлаа дэлхийн түвшинд хүрч байж Монгол хэмээх нэгэн нэрийг ертөнцийн чихнээ дуурсгах болно.

Нийслэлийн нийт багш сурган хүмүүжүүлэгчид, боловсролын салбарын ажилтан, албан хаагчид та бүхэнд хичээлийн шинэ жилийн мэндийг дахин хүргэж, шавь нараа эрдэмд хөтлөх их үйлсэд тань өндөр амжилтыг хүсэн ерөөе.

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН ДАРГА Б.АМАРТҮВШИН