Scroll to top

Мэдээ, мэдээлэл

МОНГОЛЫН ТЕАТРЫН МУЗЕЙД МУЗЕЙ ХАМТЫН ХИЧЭЭЛ БОЛЛОО

Монголын Театрын музейд ерөнхий боловсролын сургуулийн VI ангийн “УРЛАГИЙН ТӨРЛҮҮД” агуулгыг нийслэлийн 4 дүүргийн 15 сургуулийн хөгжмийн боловсролын 17 багш музейн интеграци хичээлийг 5 өртөөгөөр аялуулах хэлбэрээр зохион байгуулсан.Нийслэлийн Боловсролын газрын даргын 2013 оны А/27 дугаар тушаалаар “Музей хамтын хичээл”-ийн хөтөлбөр батлагдаж, ерөнхий боловсролын сургуулиудад 12 дахь жилдээ хэрэгжиж байна. Боловсролын газар, Монголын театрын музей, ИЗЛС, нийслэлийн хөгжмийн багш нар хамтран зохион байгуулсан энэ удаагийн музейн хамтын хичээл нь бодит үзмэр, эх сурвалж дээр тулгуурлан хөгжмийн хичээлийн агуулгыг сурагчдын нас сэтгэхүйн онцлогт тохируулан сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах, үндэсний өв уламжлал, түүх соёлыг түгээн дэлгэрүүлэх, музейн үзмэрийг сурталчлан таниулах, сурагчдын сэтгэх болон төсөөлөн бодох, дүрслэн илэрхийлэх, мэдээ мэдээллийг бүтээлчээр боловсруулах, танин мэдэх, илтгэн ярих чадварыг хөгжүүлэн гоо зүйн боловсрол олгох зорилготой юм. Их засаг лицей сургуулийн багш нарын баг нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 5 музейд 6 интеграци хичээлийг амжилттай зохион байгуулж, 2024-2025 оны хичээлийн жилд Оюуны өмчийн газраас “Музейн үзмэрт суурилсан интеграци хичээл заах арга зүй” бүтээлээрээ оюуны өмчийн гэрчилгээ гардаж авсан туршлагатай хамт олон. Хамтын хичээлийг заахад үзмэрийн судалгаа хэрхэн хийх, боловсруулах, хичээл заахад зайлшгүй анхаарч мэдсэн байх зүйлс, цагийн менежмент, хичээлийн судалгаатай холбоотой үйл ажиллагаанд шаардагдах бэлтгэл ажлыг О.Алтантуяа захиралтай Их засаг лицей сургуулийн баг удирдан чиглүүлж, хамтран ажилласан. Хичээлд хамрагдсан 15 сургуулийн суралцагчид музейн үзмэрийг бодитоор харах, төсөөлөн бодох, дүрслэн илэрхийлэх мэдээ мэдээллийг бүтээлчээр боловсруулах, танин мэдэх, илтгэн ярих чадварыг хөгжүүлэх ажлын хуудсыг ажиллаж өөрийн санаа бодлоо хуваалцаж бүтээлч чадвараа хөгжүүлсэн сонирхолтой, өгөөжтэй хичээл боллоо гэж үзсэн. Тус сургалтыг ирж сонирхсон багш нар сургалтын дараах санал асуулгаар музей хичээлийг V-IX ангийн агуулгаар заах, суралцагчдын урлан бүтээх, сэтгэн бодох, бүтээлч чадварт эерэгээр нөлөөлдөг гэж оролцогчдын 98,2% нь үзсэн бол энэ удаагийн музей хамтын хичээл багш нарын эрэлтэд 100% нийцсэн гэж тус тус хариулсан байна.