Scroll to top

Мэдээ, мэдээлэл

БАГА БОЛОВСРОЛ ДАХЬ “ЭРЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ” ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуульд ажиллаж буй бага боловсролын эрэгтэй багш нарын “Эрчүүдийн манлайлал-2025" өдөрлөгийг Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтэстэй хамтран зохион байгууллаа. Өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг, нийслэлийн Боловсролын газрын Сургалт арга зүйн хэлтсийн дарга Б.Болормаа, Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Д.Адъяасүрэн нийслэл, дүүргийн мэргэжилтнүүд оролцлоо.

Өдөрлөгт Нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн бага боловсрол дахь эрэгтэй багш нар, 9 дүүргийн боловсролын хэлтсийн дарга нарын төлөөлөл, бага боловсрол хариуцсан мэргэжилтнүүд, Насан туршийн суралцахуйн төвийн удирдлага, хамт олон, дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн бага боловсрол хариуцсан сургалтын менежерүүд, 159 дүгээр сургуулийн удирдлага, хамт олон нийт 140 гаруй хүн хамрагдлаа.

Бага боловсролд ажиллаж байгаа эрэгтэй багш нарын үйл ажиллагааг сурталчлах, тэдний нэр хүндийг өргөж, хамтын ажиллагааг сайжруулан хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх заах арга зүйн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, ахмад залуу багш нарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тэдэнд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, ээлжит хичээлийн үр өгөөжийг дээшлүүлэх, бага боловсролд ажиллаж буй эрэгтэй багш нарын эрх, жендерийн тэгш байдлыг хангах үзэл баримтлалыг нийгэмд түгээн дэлгэрүүлэх зорилгоор энэхүү өдөрлөгийг 13 дахь жилдээ зохион байгуулж, нийслэлийн ЕБС-ийн 80 гаруй бага ангийн эрэгтэй багш нар оролцлоо.

Өдөрлөгийн үйл ажиллагааг дэмжин Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон Засаг даргын тамгын газраас уралдааны шагнал, урамшуулал, өдрийн хоолны зардал, багш бүрт гарын бэлэг, дурсгалын зүйл нийт 4.9 сая төгрөгний төсөв шийдэж дэмжлэг үзүүллээ. Өдөрлөгийн хүрээнд

“Эрэгтэй бага ангийн багшийн ажлын онцлог, амьдралын баталгаа, амжилт ололт” сэдэвт илтгэлийг 6 дугаар сургуулийн бага ангийн багш Д.Төмөнбаяр

 “План зураг зурах, бодит хэмжээг олох” сэдэвт үзүүлэх хичээлийг Сүхбаатар дүүргийн 35-р сургуулийн бага ангийн багш Б.Өлзийхутаг нар зааж хэлэлцүүллээ.

Мөн 159 дүгээр сургуулийн сурагчид урлагийн тоглолт үзүүлж, сургуулийн удирдлагууд сургалтын орчиноо өртөөчлөн танилцуулж, Бага ангийн эрэгтэй багш нар монгол бичгээр цэвэр сайхан бичиж, өгүүлбэртэй бодлого бодож уралдсан ба хамгийн уран бодолт хийсэн 4 багшийг шалгарууллаа. Мөн “Би-бид чадна” хөгжөөнт хөтөлбөрийг зохион байгуулсан нь багш нарын идэвх оролцоо, урам зоригийг нэмсэн ажил байлаа.