Scroll to top

Мэдээ, мэдээлэл

НИЙСЛЭЛИЙН БАГАНУУР ДҮҮРЭГТ “ДЭЛХИЙН МӨНГӨНИЙ ДОЛОО ХОНОГ-2025” АЯН БОЛЛОО

Улсын Их Хурлын даргын санаачилгаар Монгол банк, Боловсролын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламжийн даатгалын корпорац хамтран эхлүүлсэн ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох “Level-UP” хөтөлбөр нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын 80 сургуульд хэрэгжиж байна.

"Level_Up" хөтөлбөр нь суралцагчдад санхүүгийн суурь мэдлэг олгож, зүй зохистой хэрэглээний дадал хэвшил суулгах, мөнгөө зөв удирдах замаар санхүүгийн оновчтой шийдвэр гаргаж, эрсдэлийг үнэлэх чадвартай, хуримтлалтай иргэн болгон төлөвшүүлэх зорилготой юм. Улмаар энэхүү зорилгын хүрээнд нийслэлийн 6 дүүргийн 80 багшийг чадавхжуулан, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд хөтөлбөрт нийслэлийн 2800 гаруй суралцагч хамрагдаж байна.

"Дэлхийн мөнгөний долоо хоног- 2025" аяныг энэ жил 3 дугаар сарын 22-ны өдрөөс 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл "Санхүүгийн зөв шийдвэр, маргаашийн амжилтын эхлэл" уриан доор улс даяр тэмдэглэн өрнүүлж байгаа билээ. Энэхүү аянд Монгол Улс 2012 оноос хойш жил бүр оролцсоор ирсэн.

"Level_Up" хөтөлбөрийн хүрээнд 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр нийслэлийн Багануур дүүргийн төрийн өмчийн 3 сургуулийн 250 гаруй ахлах ангийн сурагчдын дунд санхүүгийн мэдлэг олгох өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

Өдөрлөгийн хүрээнд мэдлэг олгох лекц, асуулт, хариулт, мэдлэг шалгах Kahoot сорил гэх мэт олон сонирхолтой арга хэмжээг зохион байгууллаа.

Мөн Багануур дүүргийн 3 арилжааны банк хүүхэд, залуучуудад бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцууллаа.