Scroll to top
Scroll to top
Багшийн мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад хамрагдсан математикийн багш Б.Бямбасүрэнгийн бичсэн ЭРГЭЦҮҮЛЭЛ-ийг хуваалцаж байна. /2025 он/
БАГШ ХҮНИЙ БАЯР БАЯСАЛ БОЛ БЯЦХАН ШАВЬ НАР НЬ ИТГЭЛ ДҮҮРЭН СУРАЛЦАЖ, ИНЭЭМСЭГЛЭЛ ТОДРУУЛАН ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ АЛХАХЫГ ХАРАХ ЮМ.
2005 онд дунд сургуулиа төгсөөд багшийн мэргэжил сонгож байсан нь одоо ч тодхон санагдана. 10 жилд байхын л математикийн хичээлд сонирхолтой байсан нь математикийн багшаас минь их хамааралтай. Цэгмид багшийг ангид орж ирэхэд манай анги нам гүм болдог. Ямар ч хүүхэд байсан багш нэрийг нь цохож самбарт гаргахад бодлогоо бодоод суудаг байж билээ. Тэр үед багшийгаа хараад бахархан математикийн багш болно гэж эргэлт буцалтгүй шийдэж билээ.
Миний багш болсон бас нэг том шалтгаан нь би Монгол улсад маш олон инженерүүдийг бэлтгэнэ гэж боддог. Улс орны хөгжилд инженер хүний гүйцэтгэх үүрэг их. Тийм учраас 15 жил ажиллахдаа ЭЕШ хүүхдүүдийг бэлтгэж 30 гаруй сурагчийг инженерийн сургуульд бэлтгэн оруулсан ба цаашид ч бэлтгэнэ. Энэ нь миний улс орондоо оруулж байгаа том хөрөнгө оруулалт гэж бодон өдөр бүр хичээж байна.
Багшийн мэргэжлийг сонгоод ажиллаж байхад маш их бэрхшээлтэй тулгарч шантрах зүйл олон байсан.
Одоо хамгийн их хэцүү санагдаж байгаа зүйл бол технологийн хөгжил. Хүүхдүүд гар утас, интернэт ашиглах болжээ. Тэрийг би гүйцэхгүй, хүүхдүүдээсээ хоцрох вий гэхээс бас эмээж байна. Дэлхийн улс орнууд математикийн хичээлийг маш сонирхолтойгоор зааж, тэнд хүүхдүүд бодитоор зүйлсийг үзэж хийж байхад би энд самбар шохой, хэдэн люминатор бүхий цаастай зууралдсаар байх уу? Хэрэв ийм байдал удаан үргэлжилбэл миний хичээлийг хэн ч сонирхож судлахгүй байх. Би ганцаараа самбартайгаа ярьдаг багш болох вий гэхээс айж байна. Тиймээс өдөр бүр шинийг эрэлхийлэн, шинийг сурч мэдэхийг хүсэж суралцаж байна. Шинэ аргууд туршин хичээл заахад маш сонирхолтой хичээлд оролцож байгаа шавь нараа харан урам аван ажилладаг.
Санаа зовоож байгаа бас нэг асуудал бол сурагчдын сурах хүсэл сонирхолгүй байдал нь багшийг маш их хэцүү байдалд оруулдаг. Ийм сурагчдын бүхэл бүтэн үе гарч ирж байгаа мэт айдаст автуулна. Яг хаана хоцрогдож, яагаад бяцхан шавь нар минь ийм болов? 2023 онд 10-р ангид математикийн хичээл заахаар урам зоригтойгоор орж билээ. Тэр ангид 20-оод хүүхэд хичээлд анхаарахгүйн дээр 5-6 хүүхэд огт тэмдэглэл хөтлөхгүй утсаараа оролдож байв. Би анх удаа ийм ангид орсон учир маш их балмагдаж билээ. Тэгээд тэр ангийн хүүхдүүдийг яаж хичээл хийдэг болгох вэ? Яаж хичээлээ сонирхолтой хэлбэрээр заах вэ? гэж маш их эрэл хайгуул хийсэн. Эхлээд багшаас айх айдсыг байхгүй болгож, дараа нь хүүхдүүдээ яг юун дээр алдаа гаргаж хаана хоцрогдол үүссэнийг нь судалж мэдсэн. Тэгээд яг хоцрогдол гарсан хэсгээс нь эхлэн аль болох сонирхолтой аргаар хичээлээ бэлтгэж зааж зөвлөж, хүүхдүүдээр өөрсдөөр нь судлуулсан. Одоо тэд маань 12-р ангийн сурагчид.
Математикийг ойлгодог, математикийн цагийг хүлээдэг болсон. Би одоо хичээл заахгүй харин зөвлөн туслагч, зохион байгуулагч, чиглүүлэгч болсон. Хүүхдүүд маань өөрсдөө өөрсдөдөө хичээл зааж, нэг бодлогыг маш олон аргаар бодож тайлбарлаж байгааг харахад үнэхээр их сэтгэл хангалуун байдаг.
Багш болсны гол утга учир нь бяцхан шавь нар минь итгэл дүүрэн амьдарч, инээмсэглэл тодруулан өөртөө итгэлтэй алхахыг харах юм уу даа.
Нийслэлийн ерөнхий боловсролын 21 дүгээр сургууль математикийн багш Б.Бямбасүрэн.