Scroll to top
Scroll to top
Шатрыг боловсролд” санаачилгын хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлэх “Их нүүдэл” шатрын боловсролын хөтөлбөрийн танилцуулга, хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээ нь “Их нүүдэл” хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд оролцогч талуудыг нэгдсэн мэдээллээр хангах, хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, багш, суралцагч, шатарчдын төлөөлөл болох 700 хүн оролцлоо.
Хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулиудад шатрыг боловсролд нэвтрүүлэх үндэсний зорилго, ач холбогдол, дэлхий нийтийн чиг хандлага, шатар ба ирээдүйн боловсрол, сургуулийн шатрын боловсролын үр нөлөө, олон улсын туршлагын талаар илтгэл, мэдээлэл хүргэлээ.
Мөн орон нутагт “Шатрыг боловсролд” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үүсэх эрсдэл, түүнийг шийдвэрлэх арга зам, шатар болон оюуны хөгжлийн уялдааны талаар хэлэлцэж, “Их нүүдэл” шатрын хөтөлбөрийн агуулга, хэрэгжүүлэх чиглэлийг танилцууллаа.
Шатар нь хүүхдийг аливаа шийдвэрийнхээ үр дагаврыг тооцох, тэвчээртэй хандах, асуудлыг олон талаас нь харж тунгаан бодох, гаргасан шийдвэртээ дүгнэлт хийхэд сургадаг оюуны хөгжлийн нэгэн чухал хэрэглүүр юм. Тиймээс шатрын боловсролыг сургалтын орчинд нэвтрүүлэх нь хүүхдийн оюуны болон хувь хүний хөгжлийг дэмжих ач холбогдолтой.
“Их нүүдэл” хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудад шатар гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ мөн зохион байгуулагдлаа. Энэ үеэр нийслэлийн 9 дүүргийн Боловсролын хэлтсийн дарга нарт шатар гардуулах ёслол болж, орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудад шатар хүргэх, гардуулах ажлыг хариуцан ажиллах төлөөлөгчдөд шатар гардууллаа.
Мөн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн суралцагчдын шатрын тэмцээний төгсгөлийн өргийн үзүүлэх тоглолт болж, шагнал гардуулах болон хаалтын үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.
Ийнхүү “Их нүүдэл” хөтөлбөрөөр дамжуулан шатрын боловсролыг ерөнхий боловсролын сургуулийн сургалтын орчинд өргөжүүлж, хүүхэд бүрийн оюуны хөгжил, зөв шийдвэр гаргах, аливааг тунгаан бодох чадварыг дэмжих шинэ алхам эхэлж байна.
Оюуны их нүүдэл ийнхүү эхэллээ.



