Scroll to top

Мэдээ, мэдээлэл

“МАСТЕР КЛАСС СУРГАЛТ-2026" ОЛОН УЛСЫН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Боловсролын яамнаас нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн дуу хөгжмийн багш нарын мэргэжлийн хөгжлийг дэмжих хүрээнд олон улсын мастер сургалтыг "Хурд" хамтлагтай хамтран зохион байгуулж, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн 400 гаруй хөгжмийн багш хамрагдлаа.
Тус сургалтад Их Британийн найруулагч, бүжиг дэглээч Зена Густхард, Лондоны хөгжмийн академийн захирал, төгөлдөр хуурч Соин Ким зэрэг Монголын болон олон улсын туршлагатай уран бүтээлчид багшилсан онцлогтой юм. 
Сургалтын хүрээнд хөгжмийн багш нарт урлаг, хөгжмийн боловсролын орчин үеийн чиг хандлага, мюзиклийг сургуулийн орчинд хэрхэн нэвтрүүлж болох, хүүхэд бүрийг хөгжмийн хичээлийн хүрээнд хэрхэн үр дүнтэй хамруулах зэрэг суралцагчийн бүтээлч болон нийгэм-сэтгэл зүйн хөгжлийг дэмжих арга барилыг түгээн дэлгэрүүлж байна.
Өнөөдөр дэлхий нийтээр хүүхдийн харилцааны чадвар, хамтын ажиллагаа, бүтээлч сэтгэлгээ, сэтгэл хөдлөлийн боловсрол, бусдыг ойлгон хүндэтгэх хандлагыг төлөвшүүлэхэд онцгой ач холбогдол өгч байна. Урлагийн боловсрол нь эдгээр чадварыг хөгжүүлэх үр нөлөөтэй хэрэгслийн нэг бөгөөд хүүхдийн цогц хөгжил, төлөвшлийг дэмжихэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. 
Боловсролын шинэчлэлийн бодлогын хүрээнд хүүхэд бүрийг бүтээлч сэтгэдэг, хамтран ажилладаг, өөрийгөө илэрхийлдэг, бусдыг ойлгон хүндэтгэдэг иргэн болгон төлөвшүүлэхэд анхаарч байгаа бөгөөд энэ зорилгыг хэрэгжүүлэхэд цэцэрлэг, сургуулийн хөгжмийн багш нарын мэргэжлийн хөгжил чухал ач холбогдолтой юм.
Мөн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн багш нар суралцагчдаа хөгжүүлж буй өөрсдийн туршлагаасаа хуваалцсан үр дүнтэй сургалт боллоо.