Scroll to top
Scroll to top
Нийслэлийн Боловсролын газраас бага ангийн суралцагчдын зан суртахууны төлөвшил, уламжлалт аж төрөх ёс, үндэсний өв соёл, бахархлаа дээдэлж, түүнээс суралцах "БИ МОНГОЛ ХҮҮХЭД" ёс заншлын наадмыг 13 дахь жилдээ зохион байгуулж байна. “БИ МОНГОЛ ХҮҮХЭД” ёс заншлын наадам нь 3 үе шаттай бөгөөд нэгдүгээр шатанд 9 дүүргийн 166 сургуулийн 156928 сурагч, 4120 багш, хоёрдугаар шатыг дүүрэг тус бүр зохион байгуулж, нийслэлийн шатанд 8 дүүргээс шалгарсан 15 баг оролцлоо.
13 дахь удаагийн наадамд Баянгол, Баянзүрх, Багануур, Налайх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргээс шалгарсан 15 сургуулийн I-V ангийн 150 суралцагч, бага ангийн 30 багш оролцож, монгол ёс заншлаас суралцаж арга туршлагаа солилцон, ардын тоглоом наадгайгаар авьяас чадвар оюун ухаанаа сорин өрсөлдлөө.
"БИ МОНГОЛ ХҮҮХЭД" ёс заншлын наадамд 1-р ангийнхан “Алаг мэлхий” өрөх, тайлбарлах, 2-р ангийнхан “Шагай няслах”, 3-р ангийнхан “Шагай шүүрэх”, 4-р ангийнхан ёс заншил, өв уламжлалын сэдвээр асуултад хариулах “Алтан хонх”, 5-р ангийнхан багштайгаа хамтран “Бүтээл урлах” гэсэн ганцаарчилсан төрлүүдээр өрсөлдөж, багаараа “Мэндчилгээ”, “Үлгэрийн орноор” сэдвүүдээр жүжигчилсэн болон урлагийн тоглолт үзүүлж, “Гэрийн даалгавар”-аар үзэсгэлэн гаргаж, аваргуудаа тодрууллаа.
Тэргүүн байр - Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн "УДАМТ МОНГОЛ" баг
Дэд байр - Сонгинохайрхан дүүргийн “Өнөр” сургуулийн "ХАМАГ МОНГОЛ” баг
Гутгаар байр- Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийн “МӨНХИЙН ГАЛ” баг
Тусгай байр- Налайх дүүргийн 103 дугаар сургуулийн “МОНГОЛ ДАРХЛАА” баг, Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн “МОНГОЛДОЙ” баг тус тус шагнагдаж, амжилтын эзэд боллоо.
Тус наадмын нээлтэд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Д.Ариунболд оролцож, наадмын оролцогч хүүхэд багачууд, багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхийн төлөөлөлд баяр хүргэж амжилт хүслээ. Тэмцээний зочин шүүгчээр нийслэлийн Кино урлагийн дээд сургуулийн багш, “Хойчийг залгамжлагч-Монгол боловсрол” төслийн продюсер, кино найруулагч Ж.Өнөржаргал, 149 дүгээр сургуулийн эцэг, эхийн төлөөлөл Б.Хатантуул нар ажиллалаа.
Тэмцээнд оролцсон нийт багш, суралцагч хамт олонд талархал дэвшүүлье.