Scroll to top

Мэдээ, мэдээлэл

САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ “LEVEL-UP” ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Улсын Их Хурлын даргын санаачилгаар Монгол банк, Боловсролын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламжийн даатгалын корпорац хамтран эхлүүлсэн ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох “Level-UP” хөтөлбөр нийслэлд нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд хөтөлбөрийн сургагч нийслэлийн 75 багш, хөтөлбөрт хамрагдах 1200 гаруй суралцагчдын төлөөлөл оролцов.

"Level Up" хөтөлбөр нь суралцагчдад санхүүгийн суурь мэдлэг олгож, зүй зохистой хэрэглээний дадал хэвшил суулгах, мөнгөө зөв удирдах замаар санхүүгийн оновчтой шийдвэр гаргаж, эрсдэлийг үнэлэх чадвартай, хуримтлалтай иргэн болгон төлөвшүүлэх зорилготой юм. Улмаар энэхүү зорилгын хүрээнд нийслэлийн 6 дүүргийн 75 багш нарыг чадавхжуулан, бэлтгээд байгаа бөгөөд 06 дугаар сар хүртэл 2790 гаруй сурагчийг хамруулна.

Нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат, Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, Хадгаламжийн даатгалын корпорацын захирал С.Баатарсүрэн, Монголын банкны холбооны ерөнхийлөгч Л.Амар нар оролцов.

Нээлтэд оролцсон суралцагчид санхүүгийн мэдлэгээ уралдуулж өрсөлдсөн юм. Тэргүүн болон дэд байранд шалгарсан 2 сурагчид 500,000 төгрөг, гутгаар байранд байранд шалгарсан сурагчид 300,000 төгрөгийн хадгаламж байршуулах эрхийн бичиг гардуулснаас гадна 30 сурагчид Хадгаламжийн даатгалын корпорацаас 50,000 төгрөгийн хадгаламжийн эрхийн бичиг, 20 сурагчид Санхүүгийн зохицуулах хорооноос хувьцаанд хөрөнгө оруулах 50,000 төгрөгийн эрхийн бичиг, Голомт банкнаас 5 сурагчийг Колор картын эрхийн бичгээр шагнаж урамшууллаа.