Scroll to top

Мэдээ, мэдээлэл

248 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГЫН АЖИЛ ДУУСЛАА

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд байрлах 248 дугаар цэцэрлэгийн 6 бүлгийн 150 ортой өргөтгөлийн барилга угсралт, инженерийн шугам сүлжээ, гадна, дотор цахилгаан хангамж, холбоо дохиоллын ажил бүрэн дуусаж ашиглалтад ороход бэлэн боллоо.

Тус өргөтгөлийн барилга нь зоорьтой хоёр давхар бөгөөд заах арга зүй, зан заншлын төв, бүлгийн өрөөнүүд, урлаг заал, багш нарын өрөө, гал тогоо болон бусад тохижилтын ажлуудыг төлөвлөн гүйцэтгэсэн байна. Ашиглалттай дээвэр хэсэгт хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангасан хашлага хийж, тоглоомын талбай байгуулснаар хүүхдүүдийн салхилах, тоглох орчин нэмэгдэж байна.

Өргөтгөл баригдсанаар төрийн өмчийн цэцэрлэгийн хүртээмж нэмэгдэж, харьяа хорооны хүүхдүүд эрүүл, аюулгүй, стандартад нийцсэн сургалтын орчинд суралцах боломж бүрдэж байна.

Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар зураг төслийг “Эм Эс Эл” ХХК боловсруулж, ерөнхий гүйцэтгэгчээр “Ванхүү” ХХК ажиллаж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.