Scroll to top

Мэдээ, мэдээлэл

БАГА БОЛОВСРОЛЫН ЗАЛУУ БАГШ НАРЫН УР ЧАДВАРЫН УРАЛДААН 27 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Нийслэлийн бага боловсролын залуу багш нарын үйл ажиллагааг сурталчлах, тэдний нэр хүндийг өргөж, хамтын ажиллагааг сайжруулан хүүхэд бүрийг хөгжүүлэх, хичээл заах арга туршлагыг түгээн дэлгэрүүлж, ээлжит хичээлийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү уралдааныг 27 дахь удаагаа нийслэлийн ерөнхий боловсролын Эрдмийн Ундраа сургууль дээр зохион байгууллагдлаа.

Залуу багш нарын заах арга ур чадварын уралдааныг:

- Хичээл заах ур чадвар

- Самбарын бичиглэл гэсэн 2 хэсэгтэйгээр зохион байгуулсан.

Залуу багш нарын ур чадварын уралдааны ерөнхий ивээн тэтгэгчээр Монголын залуу багш нарын холбоо, “Морин сувд” констракшн, “Номын анд” ТББ, “Оюунлаг сайн үйлс” ХХК тус тус оролцсон юм. Нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудаас шалгарсан бага ангийн 1-5 дахь жилдээ ажиллаж байгаа 17 залуу багш заах арга ур чадвараа сорин өрсөлдсөнөөс:

Тэргүүн байр- Баянгол дүүргийн 146 дугаар сургуулийн бага ангийн багш С.Мөнхзул 4-р ангийн “Иргэний ёс зүйн боловсрол” хичээлийн “Эвийн хүч” сэдвээр

Дэд байр-Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургуулийн бага ангийн багш Д.Сугармаа 3-р ангийн “Хүн ба орчин” хичээлийн “Эх орны газрын зураг” сэдвээр

Гутгаар байр- Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй сургуулийн бага ангийн багш Г.Сэржмядаг 2-р ангийн “Математик” хичээлийн “Өгөгдлийг зурган диаграммаар илэрхийлье” сэдвээр

Тусгай байр- Сүхбаатар дүүргийн 6 дугаар сургуулийн бага ангийн багш Э.Энхсаруул 3-р ангийн “Дүрслэх урлаг технологи” хичээлийн “Хаягдал материал ашиглан бүтээл хийх” сэдвээр

Тусгай байр- Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургуулийн бага ангийн багш А.Даваа 5-р ангийн “Иргэний ёс зүйн боловсрол” хичээлийн “Монгол үндэсний хувцас” сэдвээр тус тус хичээл заан шилдгээр шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Мөн тэргүүн байр эзэлсэн Баянгол дүүргийн 146 дугаар сургуулийн бага ангийн багш С.Мөнхзулыг “Тэргүүний залуу” алтан медалиар шагнаж урамшуулсан ба амжилттай оролцсон бусад залуу багш нарт батламж олголоо.

Энэ удаагийн ур чадварын уралдаанд оролцсон залуу багш нар хичээл сургалтдаа хиймэл оюун ухаан, сүүлийн үеийн ухаалаг төхөөрөмж, сургалтын болон үнэлгээний аппликейшныг өргөнөөр ашиглаж, хичээлийг сонирхолтой орчин үеийн өнгө аястай заасан нь сурагчдын идэвх оролцоог нэмэгдүүлж, хичээлийг үр өгөөжтэй болоход түлхэц өгч чадлаа. Тус уралдааныг зохион байгуулалтаар сайтар хангаж, анги танхимаа бэлдэж, сурагчдаа амжилттай оролцуулсан Б.Наранбаатар захиралтай Эрдмийн Ундраа-78 сургуулийн сургалтын менежер Н.Дамиран, Л.Бадамгарав болон бага ангийн багш нарын хамт олондоо баярласан талархсанаа илэрхийлье.

Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, сурагчдын анхаарлыг татахуйц сонирхолтой хичээл зааж, оновчтой арга зүйг сонгон хэрэглэж, багшийн эв дүй, ур чадвараа сорин оролцсон залуу багш нар, багш нараа дэмжин оролцсон нийт бага боловсролын сургалтын менежер, багш нартаа талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье!