Scroll to top

Мэдээ, мэдээлэл

ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧ ТА ХҮҮХДИЙНХЭЭ СУРАЛЦАХ ЧАДВАРЫГ ДЭМЖЭЭРЭЙ

ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧ ТА ХҮҮХДИЙНХЭЭ СУРАЛЦАХ ЧАДВАРЫГ ДЭМЖЭЭРЭЙ

1. Тогтвортой байх

Хүүхэд эрх, үүргээ ойлгон гэрийн даалгавраа хийх тогтмол цагийг тогтоож өгөөрэй.

Гэртээ чимээгүй, гэрэлтүүлэг сайтай, анхаарал сарниулах зүйлгүй, аюулгүй орон зайг бий болгоорой.

2. Дэмжих орчин бүрдүүлж өгье

Сурах бичиг, дэвтэр, бал, харандаа, цаас, тооны машин зэрэг шаардлагатай бүх материал бэлэн байгаа эсэхийг шалгаарай.

Хүүхдийнхээ гэрийн даалгаврыг дэмжихийн тулд технологи(medle.mn, цахим контент, боловсролын нээлттэй цахим хуудас)-ийг ухаалгаар ашиглаж, суралцах чадварыг нь дэмжээрэй.

Завсарлага авч хийхийг зөвлөөрэй. Ялангуяа бага насны хүүхдүүд даалгавар хоорондоо завсарлага авах шаардлагатайг анхаарч үзээрэй.

Эрүүл хүнсээр хооллож, унтах цагт нь анхаараарай.

3. Шийдвэрлэгч биш харин зохицуулагч байж бие даасан байдлыг дэмжье

Анги удирдсан болон судлагдахууны багш нартай харилцан нээлттэй мэдээлэл солилцох уулзалтад заавал оролцож байгаарай.

Хүүхдийг бие даан аливаа шийдлийг олоход хүргэдэг асуултуудыг асууж, хариултыг бие даан хайж сурахад нь туслах зааварчилгаа, чиглүүлгийг өгч байгаарай.

Хэрэв даалгавраа хийхдээ ачаалал авч байвал хэрхэн жижиг хэсгүүдэд хувааж хийж болохыг зөвлөөрэй.

Гэрийн даалгаврыг нь тэдний өмнөөс хийлгүйгээр хамтран хийж байгаарай.

Асуудал шийдвэрлэхэд дэмжин, урамшуулж байгаарай.

4 . Цагийн менежментийг ойлгуулъя

Цаг хуваарилалтын ач холбогдлоор харилцан яриа өрнүүлж, өдрийн цагийн хуваарийг нь хамтран гаргаарай.

Гэрийн даалгавар хийх хугацааг нь тодотгон эелдгээр хэлж ойлгуулаарай.

Интернэт орчны цагийг анхаарч хэрэглээнд хяналт тавьж, хил хязгаарыг тогтоож өгөөрэй.

5. Эерэг орчинг бүрдүүлье

Өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэхийн тулд зөв үйлдэл хийх бүрд нь урмын үг хэлж, эерэг хандлагыг төлөвшүүлээрэй.

Хүчин чармайлтыг нь дэмжиж байгаарай.

6. Урам хугарах, сорилт бэрхшээлийг даван туулахад хамтдаа байгаарай

Тулгарсан бэрхшээлийн талаар ярилцах, уур бухимдлаа биеэсээ зөв гадагшлуулах, зохицуулахад нь туслаарай.

Тэдэнд тууштай байхын үнэ цэнийг ойлгуулах, хүнд хэцүү даалгавартай тулгарах үед хамт байгаарай.

7. Даалгавруудын гүйцэтгэлийг нь хяная

Гэрийн даалгаврыг нь зөв, бүрэн гүйцэд эсэхийг тогтмол шалгаарай.

Багшийн заасан хичээлийн тайлбарыг хүүхдээсээ сонсож ойлгосон эсэхийг нь нягтлаарай.

8. Гэрийн даалгавраас гадна өөрийгөө хөгжүүлэх, уншиж сурахыг дэмжье

Гэрийн даалгавраа өдөр тутмын амьдралтай холбон ойлгоход нь туслаарай.

Чөлөөт цагаа өөрийгөө хөгжүүлэхэд нь дэмжээрэй.

Сонирхлыг нь харгалзан секц, дугуйлан, дамжаанд явуулаарай.

Гэр бүлийн тогтсон уншлагын цагтай болж ном унших зуршлыг бий болгож хэвшүүлээрэй.

9. Шаардлагатай стратегийг туршъя

Багш нараас авсан санал хүсэлт, зөвлөгөө, мэдээлэлд тулгуурлан хүүхдийнхээ сурах арга барилыг/сонсож ойлгох, уншиж бичиж давтах, харж төсөөлөх, өөрөө туршиж оролцох гэх мэт/ нь тогтоон уян хатан байдлаар өөрчилж байгаарай.

Хэрэв таны хүүхэд сурах үндсэн ур чадвараа олж чадаагүй хэвээр байвал нэмэлт дэмжлэг авахаас бүү эргэлзээрэй.

Шаардлагатай бол мэргэжлийн байгууллагуудаас тусламж авах талаар бодож үзээрэй.