Scroll to top

Мэдээ, мэдээлэл

ШҮЛЭГ ЦЭЭЖЛЭХИЙН АЧ ХОЛБОГДОЛ

ШҮЛЭГ ЦЭЭЖЛЭХИЙН АЧ ХОЛБОГДОЛ

Шүлэг цээжлэх нь хүүхдийн ажлын ой, анхаарал төвлөрөл, дараалал тогтоох зэрэг суралцахуйн хамгийн чухал чадваруудыг хөгжүүлдэг.

 Ажлын ой гэж юу вэ?

"Ажлын ой" гэдэг нь хүүхэд тухайн мөчид анхаарлаа төвлөрүүлж, мэдээллийг түр хадгалаад түүн дээр бодох чадварыг хэлдэг.

Жишээлбэл, багш "Улаан харандаагаа ширээн дээр тавиарай, дараа нь цэнхэрийг хэрэглээрэй" гэж хэлэхэд хүүхэд хоёр үйлдлийг дарааллаар нь хийж чадвал энэ нь ажлын ой идэвхтэй ажиллаж байгааг илтгэнэ.

Энэ чадвар бол хүүхэд сургуульд амжилттай суралцах оюуны суурь юм. Учир нь хүүхэд шинэ үсэг, тоо, дүрэм зэрэг мэдээллийг түр хадгалж, дарааллаар нь хэрэглэх чадвар аажмаар бүрэлддэг.

Шүлэг цээжлэх нь ажлын ойг тоглоомын хэлбэрээр, сэтгэл хөдлөлтэй хослуулан хөгжүүлэх байгалийн арга юм.

Хүүхэд шүлэг цээжлэхдээ

• үгийн дарааллыг тогтоож,

• хэмнэлийг хадгалж,

• дүрслэн бодож,

• анхаарал ба ажлын ойгоо зэрэгцүүлэн дасгалжуулдаг.

Судалгаагаар ажлын ой сайн хөгжсөн хүүхдүүд анхаарал төвлөрүүлэх, заавар дагах, унших, бичих, тооцоолох чадварт илүү амжилт гаргадаг нь батлагдсан байдаг.

Мөн насанд тохирсон шүлэг сонгох нь их чухал. Тухайлбал,

2-3 насанд: богино мөртэй, хэмнэлтэй, амьдралд ойр үгтэй шүлэг. Тоглоом, бөмбөг, нохой, муур, бие эрхтэнтэй холбоотой.

3-4 насанд: давталттай, дүрслэлтэй, хөдөлгөөн дагуулсан шүлэг. Цас, бороо, нар, амьтад, гэр бүл.

4-5 насанд: дүр, мэдрэмж давамгай, өгүүлбэрийн бүтцийг анзааруулсан шүлэг. Сэтгэл хөдлөл, найз, амьтад, байгаль, эрүүл мэнд ахуйтай холбоотой.

5-6 насанд: утга санаа, ёс суртахууны өнгө орсон, дууны хэмнэл сайтай шүлэг. Миний найз, багш, байгаль орчин, тусламж, гэр бүлийн тухай.

Боловсрол судлалын судалгаагаар ажлын ой болон анхаарал төвлөрөл нь суралцахуйн гол хөдөлгүүр бөгөөд шүлэг цээжлэх нь эдгээр чадварыг идэвхжүүлэх үр дүнтэй аргуудыг нэг болох нь нотлогдсон байдаг. (Gathercole & Alloway, 2008; Cowan, 2014)