Scroll to top

Мэдээ, мэдээлэл

“СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫГ САЙЖРУУЛАХ НЬ” ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ.

“СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫГ САЙЖРУУЛАХ НЬ” ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ.

Хүүхдийг Ивээх Сан болон Хонконгийн Хүүхдийг Ивээх Сангийн санхүүжилтээр “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийг Улаанбаатар хотын Хан-Уул, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүрэг болон Говь-Алтай, Ховд аймгийн нийт 14 сургууль, 14 хамтарсан багт хэрэгжүүлсэн юм.

Энэхүү төслийн хаалтын арга хэмжээ 2025 оны 11 дүгээр сарын 25, 28-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа.

Уг үйл ажиллагаагаар “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийн хэрэгжилтийн үр дүн, ерөнхий боловсролын сургуулийн хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх арга замууд, хамтарсан баг, эцэг эх, асран хамгаалагчдын хүүхэд хамгаалалд оруулах идэвхтэй оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн шинэ туршлагуудаа танилцууллаа.

Энэ үеэр төслөөс хэрэгжилтийн үр дүнгээ танилцуулсан юм. Түүнчлэн төсөл хэрэгжүүлсэн ЕБС-иудын төлөөлөл гарсан үр дүнгээсээ хуваалцав. Үүнээс гадна нийслэлийн ЕБС-иудын хүүхдийн оролцооны бүлгийн гишүүдийн төлөөллүүд “Би найзаа дэмжинэ” хөтөлбөрийн үр дүнгээсээ танилцууллаа. Мөн хамтарсан баг болон сургуулийн хүүхэд хамгааллын багийн хамтын ажиллагаа, ЕБС болон эцэг эхийн зөвлөлийн хамтын ажиллагааны сайн туршлагаасаа хүргэлээ.

Хаалтын арга хэмжээнд БШУЯ, ХНХЯ, БЕГ, НБГ, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул дүүргүүдийн Боловсролын хэлтсүүд, Хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллын хэлтсүүд, төслийн зорилтот хороодын хамтарсан багуудын төлөөлөл, төсөл хэрэгжсэн сургуулиудын ажлын хэсгийн гишүүд, сурагчдын төлөөлөл, эцэг эхийн зөвлөлүүдийн төлөөллүүд оролцов.

“Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслөөр зорилтот газруудад сургуулийн багш ажилтнууд, эцэг эх/асран хамгаалагчид, сурагчид болон хамтарсан багуудыг хамруулан сургуульд суурилсан хүүхэд хамгааллын механизмыг хөгжүүлснээр үр дүнтэй урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хариу арга хэмжээ авах хамтын ажиллагааны загвар бий болгох зорилготой юм.