Scroll to top

Хамтын ажиллагаа

2024 оны гадаад хамтын үйл ажиллагаа

Нийслэлийн Боловсролын газрын гадаад харилцаа сүүлийн жилүүдэд өргөжин тэлж гадаадын өндөр хөгжилтэй орнуудын хотуудтай болон хөрш орнуудын хотууд болох Оросын Холбооны Улсын нийслэл Москва, Иркутск, Улаан-Үд, БНХАУ-ын Бээжин, Хөх хот, БНСУ-ын Сөүл, Канадын Бритиш Колумб, Шведийн Стокгольм хотуудын боловсролын байгууллагуудтай боловсролын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцох, багш сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор хамтран ажиллаж байна.
БНСУ-ын Сөүл хотын Боловсролын газартай хамтын ажиллагааны хүрээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлага, мэдээлэл технологийн багш нарын мэргэжил дээшлүүлэх, туршлага судлуулах ажлыг 2009 оноос хойш жил бүр зохион байгуулсаар ирсэн. Сүүлийн 2 жил дэлхий нийтэд тархсан Ковид-19 цар тахлын нөлөөгөөр туршлага судлах ажлыг зайн хэлбэрээр зохион байгуулсан. Тус хамтын ажиллагааны хүрээнд 2024 онд мэдээлэл технологийн чиглэлээр 20 багшийг сургалтад хамруулан, мэргэжил дээшлүүлсэн. 
Мөн боловсролын чанар, хүртээмжийг дээшлүүлэх, багшийн мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, сургалтын орчин нөхцөлийг сайжруулах зэргээр Японы Хүүхдийг ивээх сан, Гүүд нейборс ОУТББ, Рафаэл Интернэйшнл, Геожэ Биг Драгон Ротари клуб зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хамтран ажиллаж байна.
Эдгээр хамтын ажиллагааны хүрээнд 2017-2024 онд өндөр хөгжилтэй 10 гаруй улсад 700 гаруй багш, удирдах ажилтан туршлага судлах болон мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан байна. 

Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд:

1.    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, БНСУ-ын Сөүл хотын Боловсролын газрын хооронд хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд 2024 оны 05 дугаар сарын 13-наас 23-ны хооронд мэдээллийн технологийн чиглэлээр 20 багшийг сургалтад хамруулж, мэргэжил дээшлүүлсэн. Тус санамж бичгийн хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын мэдээлэл, технологийн бааз суурийг нэмэгдүүлэх зорилгоор хичээл сургалтад ашиглах тоног төхөөрөмжийг Сөүл хотын Боловсролын газраас илгээсэн.

Гадаадын төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажилласан байдал: 

1.    Нийслэлийн Боловсролын газар, Канад Улсын Бритиш Колумб мужийн Олон улсын боловсролын зөвлөл хамтран ажиллах, харилцан ойлголцлын санамж бичгийг 2021 оны 01 дүгээр сарын 27-нд байгуулсан. Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагч солилцоог эхлүүлэх зорилгоор 2024 онд албан уулзалт зохион байгуулж, арга хэмжээ тус бүрээр санал солилцлоо. 
2.    Гүүд нэйборс ОУТББ-тай хамтын ажиллагааны хүрээнд “Хүүхдийн сэтгэл зүйн онцлог, ялгаатай байдал ба багшлахуй”, “Жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалыг багшлахуйд харгалзах нь” модуль сургалтыг 2024 оны оны 01 дүгээр сарын 17-ноос 19-ний өдрүүдэд зохион байгуулж, ерөнхий боловсролын сургуулийн 90 сургалтын менежер, 180 нийгмийн ажилтан хамрагдсан.  
3.    Японы Хүүхдийг Ивээх сангийн Монгол Улс дахь хөтөлбөрийн газартай хамтын ажиллагааны хүрээнд “Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төслийн хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сэтгэлзүйчдийг чадавхжуулах сургалтыг 03 дугаар сарын 25, 26, 29-ний өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтад нийт 79 сэтгэлзүйч хамрагдаж, сэтгэцийн гэмтэлд суурилсан хохирогч/даван туулагчид ээлтэй арга зүй буюу бодит тохиолдлууд дээр үндэслэн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд сэтгэл зүйн үйлчилгээг үзүүлэх арга зүйд суралцлаа.
4.    Дэлхийн Зөн Монгол ОУБ, Анбаунд Монгол ТББ-тай хамтран “Хүүхэд хамгааллын компакт: Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төслийн хүрээнд хичээлээс гадуурх үйл ажиллагааг тогтвортой байдлыг хангах, сайжруулах салбар хэлэлцүүлгийг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулж, нийт 11 клуб үйл ажиллагаагаа танилцуулсан.